2024 оны 7 дугаар сард экспорт 9,266 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 6 хувиар өслөө.
2024 оны 7 дугаар сард экспорт 9,266 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 6 хувиар өссөн талаар гаалийн ерөнхий газар мэдээллээ. Дээрх 6 хувийн өсөлтийн 5 нэгж хувийг чулуун нүүрс, 2 нэгж хувийг зэсийн баяжмал бүрдүүлсэн бол газар тариалан тэр дундаа жимс, самрын экспорт -1 нэгж хувийн нөлөө үзүүлсэн байна.
Нүүрсний экспорт 46.5 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 12.1 сая тонноор, Зэсийн баяжмалын экспорт 927 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 36 мянган тонноор нэмэгдэж төсөөллийн орчимд хадгалагдаж байна. Харин Төмрийн хүдрийн экспорт 4,250 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1,128 мянган тонноор нэмэгдсэн хэдий ч төсөөллөөс доогуур түвшинд, газрын тосны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 372 мянган баррелиар буурч, 2,387 мянган баррельд хүрч мөн адил төсөөллөөс доогуур түвшинд байна.
Ганцмод боомт дахь Монгол Улсын коксжих нүүрсний дундаж үнэ 1,490 юань болж, өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар буурснаас шалтгаалан нүүрсний экспортын нийт үнийн дүн төсөөллөөс доогуур түвшинд гарлаа. Харин зэсийн баяжмал дахь цэвэр зэсийн агууламж нэмэгдсэнээс гадна дэлхийн зах зээл дэх цэвэр зэсийн үнэ өссөнөөс шалтгаалан зэсийн баяжмалын экспорт төсөөллөөс өндөр түвшинд хадгалагдаж байна.