Энэхүү зөвлөлдөх уулзалтыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Ханна Бэкер, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн, Төв Азийн хэлтсийн бодлогын ахлах мэргэжилтэн, доктор Керстин Имбуш нар тэргүүлж, Монголын талаас Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсролын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яамны төлөөлөгчид, Германы талаас Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Сэргээн босголт хөгжлийн банк (KfW), Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-ийн төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болох "Тогтвортой эдийн засгийн хөгжил, боловсрол ба хөдөлмөр эрхлэлт, уур амьсгал, эрчим хүчний шилжилтийн үе шат, биологийн олон янз байдал ба байгаль хамгаалах" хүрээнд цаашид хамтран ажиллах механизм, мөн хэрэгжүүлэх төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж тодорхойлох нь чухал болохыг онцоллоо.
ХБНГУ-ын талаас Монгол Улстай хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, цаашид нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Талууд Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны ээлжит хэлэлцээг 2025 оны гуравдугаар сард зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд хэлэлцээнээс өмнө тэргүүлэх чиглэл бүрд хамтран хэрэгжүүлэх төслийн саналыг боловсруулж, хэрэгжиж буй төслийн явц, үр дүнг сайжруулахад санал нэгдэв.