Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Тэргүүн Шадар сайдын зүгээс Засгийн газраас тавьж буй зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулсан бөгөөд энэ хүрээнд эрчим хүчний реформ, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр Европын холбоотой хамтарч ажиллах талаар санал солилцов.
Европын холбооны зүгээс эдгээр чиглэлд дэмжиж ажиллах төдийгүй Монгол Улсад цахимжуулалт, кибер аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллах боломжтой болохыг илэрхийлэв. Талууд одоогийн хамтран хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлт, төрийн санхүүгийн удирдлагын чиглэлээр төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Мөн Засгийн газрын бусад тэргүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтов.