Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хэрэгжүүлсэн төрийн айлчлалын хүрээнд 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Анкара хотноо зохион байгуулагдсан Монгол, Туркийн хөрөнгө оруулалт, бизнесийн чуулган болон 1 дүгээр сарын 17-ны өдөр Истанбул хотноо зохион байгуулагдсан Монгол, Туркийн бизнес форумд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр оролцов.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд эдгээр арга хэмжээг нээж үг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих “Цагаан алт” хөтөлбөр, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн тухай дурдаж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, гадаад худалдааг дэмжих, улмаар нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр Монгол Улсаас бус нутгийн зах зээлд нэвтрэх өргөн боломж бий болсныг цохон тэмдэглээд Туркийн бизнес эрхлэгчдийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллахыг уриалсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төрийн айлчлалын бизнесийн багийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас барилга, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэлт, уул уурхай зэрэг салбарын 100 орчим компанийн төлөөлөл оролцож Туркийн аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоосон ба хоёр өдрийн B2B уулзалтаар 20-иод аж ахуй нэгж Туркийн талтай хамтран ажиллахаар тохиролцлоо.