Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын шинээр томилогдсон Суурин зохицуулагч Яап ван Хиердэнг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцлон, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, хүлэмжийн хийг бууруулах гээд олон салбар дамнасан бодлогын ажлуудыг хийж гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж, үнэтэй хувь нэмрээ оруулж хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн сайд уулзалтын үеэр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл өгч энэ хүрээнд НҮБ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
НҮБ тус яамтай хамтран Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ыг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээ болон ТХЗ-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх 12 хурдасгуурыг гарган хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд ажлыг улам эрчимжүүлэхэд анхаарч хамтран ажиллахад бэлэн байгаагаа НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэн илэрхийлэв. Энэхүү 12 хурдасгуур нь ТХЗ-ын хэрэгжилтийг хурдасгах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл юм.