Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны саадыг арилгах зорилготой “ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” долоо хоногийн арга хэмжээ 2026 оны 10-р сарын 12-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д эхэлсэн. Тус арга хэмжээ өнөөдөр /2026.10.16/ дөрөв дэх өдрөө үргэлжиллээ.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, Нийслэлийн Байгаль орчны газар зэрэг байгууллагын 60 орчим албан хаагчид оролцов.
Арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яамны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд Нийслэлийн Засаг даргын Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.СЭМЖИДМАА нээж, үг хэллээ. Тэрбээр, хэлсэн үгэндээ:
Төр, хувийн хэвшил та бүхэн мэдээлэл сонсохоор хүрэлцэн ирсэнд талархлаа. Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг бизнесийн орчинг дэмжих жил болгон зарласан. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачлагын хүрээнд иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр Нийслэлээс үе шаттайгаар арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн 103 зөвшөөрлийг чөлөөлж өгсөн нь чухал алхам боллоо. Гэсэн хэдий ч иргэдэд хүрэх мэдээллийн болон үйлчилгээний түгжрэл /процесс, шийдвэр, хариуцлагатай холбоотой/ хэвээр байна. Иймд энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд шат дамжлагыг цөөлөх, илүүц үйл ажиллагааг цуцлах, шийдвэрлэх хугацааг тодорхой болгох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал өмнө нь 89 үйлчилгээ 70-90 хоногт шийдвэрлэгдэж байсныг чөлөөлсөн гэлээ.
Өнөөдрийн “ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛИЙН ШИНЭЧЛЭЛ-ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” сургалт, арга хэмжээ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого чиглэлийг хэрхэн бодит үр дүн болгон хэрэгжүүлэх, төр иргэд ААН-үүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний өмнө тулгарч буй асуудлыг шуурхай шийдвэрлэх талаарх ойлголтыг бэхжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөвшөөрөл, мэдэгдлийн нэгдсэн цахим системийн нэвтрүүлэлтийг уялдуулан зохицуулах зорилгоор Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын А/155 дугаар тушаалаар “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-ийг албан бус бүтэцтэйгээр байгуулсан болно.
Тус төв нь төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдааг сайжруулах, мэдээллийн зөрүүг арилгах, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар зөвшөөрөл, мэдэгдэлтэй холбоотой үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид илүү хүртээмжтэй, шуурхай хүргэхэд түлхүү чиглэн ажиллана.
Өнөөдрийн сургалт арга хэмжээгээр нийслэлийн төрийн байгууллагын зөвшөөрөл шийдвэрлэлт, мэдэгдэл хүлээн авах үйл ажиллагаанд оролцогч нийслэл, дүүргийн албан хаагчдад зориулан Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилт, зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн шуурхай шийдвэрлэх, иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн эрсдэл багатай мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны хүсэлт, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч төрөөс иргэн ААН-ийн эхлүүлж буй бизнесийг дэмжих, эрхлэх үйл ажиллагаанд нь шаардлагатай орчин нөхцөл, стандарт шаардлагыг хангуулахад төрийн албан хаагчид чиг үүрэг, хариуцсан асуудлаараа иргэн, ААН-д хүрч үйлчлэх, зөвлөн туслах, мэдээллээр хангахад чиглэнэ.
Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын ахлах шинжээч Ц.Наранзул “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьж албан хаагчдад мэдээлэл өгсөн бол Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Бүжин “Зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ” сэдвээр мэдээлэл өглөө.
Мөн Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.ХАШ-ЭРДЭНЭ “Бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудал болон хүлээгдэж буй үр дүн” сэдвээр, НЗДТГ-ын Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.СЭМЖИДМАА "Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны сайн жишиг" сэдвээр оролцогчдод илтгэл тавьж мэдээлэл өгсөн бол, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Дахин загварчлалын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр Системийн нэвтрэлт болон төрийн албан хаагчдын анхаарах асуудал, Санхүүгийн мэдээллийн технологийн төв Системийн шийдэл Энхтуяа Зөвшөөрлийн цахим системийн өнөөгийн боломж, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.


