“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилга, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам болон эрчим хүчний салбарын холбогдох байгууллагууд хамтран “Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт 7 хоногийн арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 19–21-ний өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгуулж байна.

Тус арга хэмжээ нь эрчим хүчний салбарын зөвшөөрөл олгох үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийг сайжруулах, төрийн байгууллагын албан хаагчдын мэдлэг, чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ зөвшөөрөл, мэдэгдлийн үйл ажиллагааг хялбаршуулах, цахим үйлчилгээг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж буй юм.

Арга хэмжээний нээлт өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болж, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтүвшин нар нээлтийн үг хэллээ. Тэд, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийг эрчим хүчний салбарт үр дүнтэй хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг хялбаршуулах, бизнес эрхлэгчдэд тулгарч буй захиргааны саадыг бууруулах ач холбогдтойг онцлов.

Арга хэмжээний эхний өдөр зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, дүн шинжилгээ, “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай” хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт, зөвшөөрлийн үйл ажиллагаанд оролцож буй төрийн албан хаагчдын анхаарах асуудал, эрчим хүчний яамнаас олгох тусгай зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт болон тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг хүлээн авах цахим системийн ажиллагаа зэрэг сэдвээр холбогдох албан тушаалтнууд сургалт, мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн “Тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг хүлээн авах, цахим системийн ажиллагаа” сэдвээр “Сэргээгдэх эрчим хүчний инженерүүдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Заяабаатар мэдээлэл өгч, иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй тусгай зөвшөөрлөөс бусад төрийн үйлчилгээ, техникийн нөхцөлийн хүсэлтийн шийдвэрлэлт, цахим системийн үйл ажиллагаа, хөгжүүлэлтийн талаар танилцуулав.

Арга хэмжээний хүрээнд эрчим хүчний салбарын зөвшөөрөл, үйлчилгээтэй холбоотой асуудлаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК болон "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн холбогдох ажилтнууд “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д байрлан ажиллаж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

“Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Засгийн газрын XI байрны 1 дүгээр давхарт байрлах “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д үргэлжилнэ.