Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин болон Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан түншлэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар сурталчлах, танилцуулах, санал солилцож, хэлэлцэх зорилго бүхий “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум” 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум”-ыг Эдийн засаг, хөгжлийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ, Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулсан бөгөөд тус форумд Монгол Улсад гадаад улсаас суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, дотоод, гадаадын хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудаас нийт 250 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.
Форумын үеэр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон түншлэлээр хэрэгжүүлэх боломжит төслүүдийн талаар албаны хүмүүс илтгэл тавьж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн хувийн хэвшлүүдээс түншлэлээр төсөл хэрэгжүүлсэн туршлага, ололт амжилт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгч, форумд оролцож буй салбар салбарын төлөөллүүдтэй санал солилцсон, өргөн цар хүрээтэй, үр дүнтэй болж өндөрлөлөө.
Төр, хувийн хэвшлийн хууль эрх зүйн орчин сайжирснаар хувийн хэвшлийн санал санаачилга, хөрөнгө оруулалтад тулгуурлан нийтийн зориулалттай томоохон дэд бүтэц, нийгмийн салбарын төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь түншлэлч талуудад урт хугацаанд хамтран ажиллах, хувийн хэвшилд эрсдэлгүй, үр ашигтай ажиллах, бизнесийн томоохон зах зээл нээгдэж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, хамгийн чухал нь иргэд ая тухтай орчинд амьдрах, аюулгүй, түргэн шуурхай, чанартай төрийн үйлчилгээг хүртэх маш чухал ач холбогдолтойг форумд оролцсон төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл онцолж байлаа.