Төсвийн тухай хуулийн 8.1.1, 122.1-т Эдийн засаг, хөгжлийн яам дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн боловсруулна гэж, мөн хуулийн 6.5.2, 6.5.6, 281.4-т дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ тус тус гэж заасан.
Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Монголбанк, Олон улсын вальтын сан, ЖАЙКА, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож, санал солилцон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад анхаарах асуудал, цаашид баримтлах бодлогын чиглэлээр харилцан санал солилцлоо.
Мөн эдийн засгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал, инфляц болон Засгийн газрын өрийн өнөөгийн нөхцөл байдал, дунд хугацааны бодлого стратегийн талаар холбогдох байгууллагын төлөөллүүд илтгэл танилцууллаа.
Та олон нийтийн хэлэлцүүлгийн илтгэлүүдтэй дараах холбоосоор танилцах боломжтой.
Холбоос: Энд дарна уу.