Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вонг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Элчин сайд Чой Жин Воныг цаг үеийн асуудлаар санал солилцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын тэргүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Мөн талууд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баяр тохиож байгаа энэ үеэр хоёр улсын Стратегийн түншлэл худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд ахисан түвшинд гарч байгааг онцлоод хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болон БНСУ-ын Экспорт, импорт банк, Монгол Улсын Хөгжлийн банкны хамтын ажиллагаа тогтоох, өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэлэлцээг үе шаттайгаар хийж, бодит үр дүн гаргаж байгааг талууд онцлон тэмдэглэж, дараагийн үе шат, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мөн санал солилцов.