“Монгол – Солонгосын старт ап бизнес форум”-ыг амжилттай зохион байгууллаа

A- A A+
“Монгол – Солонгосын старт ап бизнес форум”-ыг амжилттай зохион байгууллаа

“Монгол – Солонгосын старт ап бизнес форум”-ыг Улаанбаатар хотноо 2025 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа

Тус бизнес форумын үеэр Старт-ап буюу "гарааны бизнес" эрхлэгч болон хөрөнгө оруулагчид хэрхэн амжилттай ажиллах талаар туршлага солилцож, инновацад суурилсан гарааны бизнесийн хөрөнгө оруулалт, санхүүжилт/гарааны бизнесийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх бодлого, хөрөнгө оруулалтын боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хоёр улсын гарааны бизнес эрхлэгчид харилцаа тогтоох, харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

БНСУ-ын талаас боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хүнс, хувцас загвар, барилга, хөнгөн үйлдвэрлэл зэрэг салбар, чиглэлээр шинэ бизнес босгож, амжилттай хөрөнгө оруулалт татан зах зээлдээ хүлээн зөвшөөрөгдөж чадсан манлайлагч залуу бизнесмэнүүд оролцсон бөгөөд Монголын бизнес эрхлэгчидтэй танилцаж, тодорхой салбарт чиглэсэн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар санал солилцох боломж бүрдсэн.

Бизнес форумын үйл ажиллагааг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жинвон нар үг хэлэхдээ Монгол, Солонгос хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, цаашид байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр шимийг гаргахад хоёр талын бизнесүүдийн харилцан ашигтай хамтын ажиллагаа, мэдлэг, туршлага, дэвшилтэт техник технологи, инновац болон хөрөнгө оруулалт онцгой чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв.