Эдийн засаг, хөгжлийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Б.Баттөмөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх
П.Батхишиг нар үг хэлж, хуулийн төслийн хэрэгцээ, шаардлага, ач холбогдлыг онцлов. Уг хуулийн төслийг 2025 оны 2 сард Эдийн засаг, хөгжлийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн байгуулагдсан 42 хүний бүрэлдэхүүнтэй холбогдох төр болон төрийн бус байгууллага, эрдэмтэн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг боловсруулж байна.
Хэлэлцүүлэгт оролцсон төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын нийт 150 гаруй төлөөлөлд хуулийн төслийн агуулга, хэрэгжилтийн үр нөлөө, ач холбогдол, олон улсын сайн туршлагыг танилцуулж, бүлэг бүрээр дэлгэрэнгүй санал солилцлоо.
Хууль батлагдсанаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг бууруулах, эрсдэлийг удирдах эрх зүйн орчин бий болгох, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг үе шаттайгаар дахин зохион байгуулах болно.
Хуулийн төсөлтэй дараах холбоосоор танилцаж, саналаа өгөх боломжтой. https://med.gov.mn/post/165502