Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD)-аас хамтран зохион байгуулж буй “Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн бодлого, туршлага” сэдэвт үндэсний сургалт 2025 оны 4 дүгээр сарын 22 өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Тус арга хэмжээ нь Монгол улсад шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан хөгжил, эдийн засгийн суурийг бэхжүүлэх зорилготой юм. Энэхүү арга хэмжээнд төрийн бодлого боловсруулагчид, шинжлэх ухаан, технологийн парк, бизнес инкубатор, хамтын оффис, технологи дамжуулах төвийн төлөөлөл, судлаачид, гарааны бизнес эрхлэгч нар болон олон улсын мэргэжлийн зөвлөхүүд, Шинжлэх ухааны паркийг амжилттай хөгжүүлж буй улс орны төлөөлөл оролцон мэдлэг, туршлагаа солилцон нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлж байна.
Сургалтыг нээж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Д.Алтангэрэл хэлэхдээ:
“Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухаан, инновацын зардлыг ДНБ-ний 1 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлж, мэдлэгт суурилсан эдийн засгийн суурийг тавьж эхлээд байна. Түүнчлэн, шинжлэх ухаан, технологийн паркийг хөгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэн эрх зүйн орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх ажил дээр онцгойлон анхаарч байна. Энэ арга хэмжээ нь Монгол улсын ШУТИ-ын паркийн бодлого, тогтолцооны хөгжлийн шийдвэрлэх асуудалд хариулт өгөх чухал алхам болж байна” хэмээн онцоллоо.
Сургалт, хэлэлцүүлгийн хүрээнд дараах гол сэдвүүдээр олон улсын зөвлөх, шинжээч нар мэдээлэл өгч байна. Үүнд:
- ШУТИ-ын паркийн бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх стратеги;
- Технологи дамжуулалт, судалгааны үр дүнг арилжаалах механизмууд;
- Их дээд сургуулиудын оролцоотой шинжлэх ухааны паркийн загварууд;
- Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн үйлдвэрлэл, технологийн паркийн менежмент;
- Монгол улсын ШУТИ экосистемийн оношилгоо болон сайжруулах шийдлүүд
Тус сургалт, арга хэмжээ нь UNCTAD-ын “STI Parks for Sustainable Development” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд тус төслийн гол оролцогчдын нэг юм. Сургалтын төгсгөлд оролцогчид хамтран Монгол Улсын ШУТИ паркийн гүйцэтгэлийг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, танилцуулах юм.