Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2025 оны А/09 дүгээр тушаалаар байгуулсан Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх чиг үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн хурал боллоо.
Хурлаар “Экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2025 оны 51 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэж Гашуунсухайт боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн зохион байгуулалтыг сайжруулах, нүүрсний биржийн арилжааг нэмэгдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт тавих үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр Ажлын дэд хэсгийн гишүүдэд хугацаатай үүрэг даалгаврууд өгөгдлөө.
Ажлын дэд хэсгийн хурлаас Засгийн газрын тогтоолын заалтуудыг биелүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, нүүрсний экспортын зорилтод түвшинд хүрэхэд дараах ажлуудыг нэн яаралтай хийж, дуусгахаар шийдвэрлэлээ.
- Монголын хөрөнгийн биржээс эрчим хүчний нүүрсний үнийг зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд нийцүүлэн өөрчлөх зохицуулалтыг яаралтай хийх;
- Гашуунсухайт боомт дахь AGV ухаалаг гарцаар биржээр арилжаалсан нүүрсний тээврийн хэрэгслийг 100% нэвтрүүлэх;
- Гаалийн төв лабораториос нүүрсний дээжийн шинжилгээг 48 цагт багтаан хариуг хүргүүлэх, Гашуунсухайт боомтын гаалийн салбар лабораторийн үйл ажиллагааг 9 сард багтаан ашиглалтад оруулах;
- Хувийн хэвшлийн итгэмжлэгдсэн лабораторийн мэдээллийг гаалийн мэдээллийн нэгдсэн системд холбож дуусгах, Гашуунсухайт боомт дахь гаалийн хяналтын бүсүүдийг ухаалаг гарцын системд бүрэн холбох;
- Мөн хилээр нэвтрэх тээврийн жолооч нараас хил, гаалийн байгууллагаас нэг ч цаасан баримт шаардахгүй байх.
Түүнчлэн тус Ажлын дэд хэсэг нь Монгол Улсын Ерөнхийн сайдын 2025 оны 41 дүгээр захирамжаар байгуулсан Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой юм.