Монгол Улс болон Бүгд Найрамдах Сингапур Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Сингапур Улсын Засгийн газрыг төлөөлж, Тогтвортой байдал, хүрээлэн буй орчны сайд хатагтай Грэйс Фү, Худалдаа, аж үйлдвэрийн сайд ноён Ган Ким Ён нар гарын үсэг зурсан юм.
Тус хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Сингапур Улсын хөрөнгө оруулалтаар сэргээгдэх эрчим хүч (ус, салхи, нарны), эрчим хүчний хэмнэлттэй технологи, хог хаягдлын менежмент, ойжуулалт, эрчимжсэн хөдөө аж ахуй, байгаль орчны нөхөн сэргээлт, тогтвортой дэд бүтэц зэрэг олон төрлийн карбон төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой юм.
Хамтын ажиллагааны үр дүнд ногоон шилжилтийг дэмжээд зогсохгүй Монгол Улсын валютын орох урсгал нэмэгдэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, олон улсын карбон кредитийн системд Монгол Улсын хувийн хэвшил, төсөл хэрэгжүүлэгчдийн оролцоо нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.
Цаашид Сингапурын талтай хамтран хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих “Хамтарсан хороо”-г байгуулна. Энэхүү Хамтарсан Хороо нь тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, карбон зах зээлийн бүртгэлийн механизмыг бий болгож, төслийн өргөдөл гаргах, үнэлгээ хийх шалгуурыг тодорхой болгох чиглэлээр ажиллана.