УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛД ЧУХАЛ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ОЮУНЫ БҮТЭЭЛ БҮТЭЭЖ, ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХЭЭР ХАМГААЛУУЛЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛСЭН ШИЛДЭГ ЗОХИОН БҮТЭЭГЧДЭД ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

A- A A+
УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛД ЧУХАЛ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ОЮУНЫ БҮТЭЭЛ БҮТЭЭЖ, ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХЭЭР ХАМГААЛУУЛЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛСЭН ШИЛДЭГ ЗОХИОН БҮТЭЭГЧДЭД ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Оюуны Өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас гишүүн орнуудын шинийг санаачлах, зохион бүтээх үйлсийг дэмжиж, эдийн засаг, техник, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээлд олгодог Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын үндэсний шагналыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн Нарийн бичгийн дарга И.Батхүү гардуулан өглөө.

Энэ шагналыг улс орны эдийн засаг, технологийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан оюуны бүтээл бүтээж, оюуны өмчийн эрхээр хамгаалуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн шилдэг зохион бүтээгчдэд Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль” шагнал нэрээр олгож эхэлсэн. Монгол Улсын хувьд 1986 оноос хойш 23 зохион бүтээгч уг шагналаар шагнагдсан байна.

Харин 2023 оноос Дэлхийн Оюуны өмчийн байгууллага нь энэхүү шагналыг өөрчилж улс бүрийн Оюуны өмчийн газраас нэр дэвшүүлсэн үйлдвэрлэгч, зохион бүтээгчдэд “Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын үндэсний шагнал” нэрээр олгох болж манай улсаас 2023 онд “Үндэсний шилдэг зохион бүтээгч” шагналыг “Хөвсгөл их тайга” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ш.Сувдад анх олгосон билээ.

2025 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын “Үндэсний шилдэг үйлдвэрлэгч” шагналаар Монгол улсын аж үйлдвэрийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээлч сэтгэлгээ, инноваци, технологийн дэвшлийн соёлыг дэлгэрүүлж байгаа 8 шинэ бүтээлийн патент, 39 бүтээгдэхүүний загварын патент, 140 барааны тэмдгийн эзэмшигч “Тэсо” групп, мөн эдийн засаг, инновацийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, оюуны өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулж, импортыг орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа 5 патент, 2 зохиогчийн эрх, 2 барааны тэмдгийн гэрчилгээтэй “Чиглэл” ХХК тус тус шагнуулж байна.

Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын “Үндэсний шилдэг зохион бүтээгч” шагналаар салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, оюуны өмчийн эрхээ эдийн засгийн эргэлтэд оруулж, импортыг орлуулах бүтээгдэхүүн зохион бүтээсэн, 7 патент, 8 барааны тэмдгийн гэрчилгээтэй зохион бүтээгч Ш.Ган-Эрдэнийг шагналаа.

Жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдрийг олон улсад “Дэлхийн оюуны өмчийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс ч мөн адил энэ өдрийг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд зааснаар “Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг билээ.