Засгийн газраас хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр явуулж буй зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулж буй билээ. Тус төсөлд олон нийт, оролцогч талуудын санал бодлыг тусгах зорилготой ээлжит хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт олон улсын байгууллага, хөгжлийн түнш байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, хөрөнгө оруулагчдын зэрэг 130 гаруй төлөөлөл оролцлоо.
Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн орчинд хийсэн дүн шинжилгээг танилцуулж, түүний үр дүнд тодорхойлсон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг нээлттэй хэлэлцлээ.
Оролцогчдын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдад бодитой тулгамдаж буй асуудлаар хөрөнгө оруулагчдын хамгаалал, төрийн үйлчилгээний дэмжлэг болон хууль, эрхзүйн орчны тогтвортой байдлыг онцолж байв.
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал эрхэлсэн Шадар сайд нарын хамтарсан тушаалаар шинэчлэн байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан тус хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагчдад ялгамжгүй, эрх тэгш хандах зарчмыг хангаж, гомдол, маргаан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хориглосон, хязгаарласан зарим зохицуулалтуудыг бууруулах, хуульд заасан хөрөнгө оруулалтын дэмжлэгийг бодитоор үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгаад байна.