Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооний дарга Э.Одбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн хамт Европын Холбооноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтыг “Европын Өдөр”-ийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын бодлогыг танилцуулах, Европын Холбоотой хэрэгжүүлэх хамтын ажиллагааны нөхцөл байдал, цаашдын чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Тус уулзалтаар Тэргүүн Шадар сайдын зүгээс Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн арга хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж, цаашид Европын Холбоотой хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцов.
Ялангуяа боловсролын салбарыг бэхжүүлэх, хүний нөөцийн шилжилтийг хийх замаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, чөлөөт зах зээлийн тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай бодлого, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Европын Холбоо болон гишүүн улс орнуудтай нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.
Элчин сайд нарын зүгээс Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллах, тэр дундаа гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийллээ.