Эдийн засаг, хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны нэгсэн бодлогын газрын дарга П.Чандмань, Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат болон Салбаруудын шинэчлэлийн нэгдсэн бодлогын газрын дарга Э.Түвшин нар Австри Улсын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Филлипп Гади тэргүүтэй аж ахуй нэгж, бизнесийн төлөөллүүдтэй уулзлаа.
Энэхүү уулзалтад Австри Улсын сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтэц, санхүүгийн салбарын тэргүүлэгч 20 гаруй бизнесүүд оролцсон бөгөөд тус яамны зүгээс эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газраас тавьж буй тэргүүлэх зорилтуудын талаар танилцуулав.
Австрийн эдийн засгийн танхим болон бизнесийн төлөөллүүдийн зүгээс хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд тууштай ажиллахаа илэрхийлж, талууд цаашид хамтран ажиллах боломжтой салбар, хамтын ажиллагааны төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.