ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААРХ НҮБ-ЫН ГУРАВДУГААР БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ.

A- A A+
ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААРХ   НҮБ-ЫН ГУРАВДУГААР БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ.

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Гуравдугаар бага хурал Бүгд Найрамдах Туркменистан Улсын Аваза хотноо 2025 оны 08 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд болж байна.

Хуралд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дэлхийн хүн амын 8 хувийг, газар нутгийн 12 хувийг хамардаг ч дэлхийн худалдааны сүлжээнд ердөө 1,2 хувийг эзэлж, эдийн засгийн хувьд тусгаарлагдсан, худалдааны өртөг өндөртэй хэвээр байна.

Энэхүү бага хурал 10 жилд нэг удаа зохион байгуулагдаж ирэх 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө баталдаг.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Учрал Гуравдугаар бага хурлын эхний өдрийн Ерөнхий санал шүүмжлэлд далайд гарцгүйгээс үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг даван туулах, ирэх 10 жилд Авазагийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх”, “Бүс нутгийн хөдөө аж ахуйн судалгааны төв байгуулах” “Чөлөөт транзитын асуудлаарх Ерөнхий нарийн бичгийн Өндөр түвшний панел байгуулах” зэрэг ач холбогдол бүхий ажлууд ирэх 10 жилийн хөтөлбөрт туссаныг онцоллоо.

Энэхүү хөтөлбөрийг улс орон бүр үндэсний хөгжлийн бодлогын баримт бичигтээ тусгаж, хэрэгжилтийг хангахын чухлыг мөн онцлов.

Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотноо төвтэй Олон Улсын судалгааны төвөөс ДГХБО-ын хөгжлийг дэмжих, эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулав.

Бага хурлын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Туркменистан Улсын ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Филемон Янг, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Боб Рэй, зэрэг өндөр, дээд түвшний төлөөлөгчид оролцож үг хэллээ.