Туркменистан Улсын Аваза хотноо болж буй Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Гуравдугаар бага хурлын хүрээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, ГХЯ-ны дэргэдэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Бэлтгэл ажлын алба хамтран далайд гарцгүй орнуудад зориулсан "Газар, ус, худалдааны гарц шийдэл дэх санхүүжилтийн боломжийг нээх нь" сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдав.
Арга хэмжээ нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих шинэ санаачилга, хамтын ажиллагааг урагшлуулах асуудлаар Засгийн газрын төлөөлөгчид, хөгжлийн түншүүд, нөлөө бүхий оролцогчдыг нэг дор цуглуулснаараа онцлог боллоо.
Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Учрал байр сууриа илэрхийллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс нь 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг хүлээн авагч улсын хувьд тогтвортой хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүрэг амлалтаа нотлохын сацуу газар хөрс болон усны зохистой менежмент нь эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурь бөгөөд дэд бүтцийг үр ашигтай байлгах, худалдааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Арга хэмжээнд Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг даргалах Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Туркменистан Улс, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн албаны төлөөлөгчид оролцож, санал бодол, туршлагаа хуваалцлаа.
Арга хэмжээ нь далайд гарцгүй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөрсний доройтлыг бууруулах, худалдааг дэмжих бодлогыг хэрхэн уях талаар тодорхой шийдэл олох шаардлагыг тодорхойлж, эдгээр асуудлаар Монгол Улсын манлайлах үүргийг илэрхийлэв.