Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус яаманд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 12-р байрт, Ази, Номхон далайн бүс нутагт тэргүүнд бичигддэг Цинхуа Их Сургуульд суралцаж буй Монгол оюутны холбооны төлөөллийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр яамны зүгээс хэрэгжүүлж буй эдийн засгийн хөгжлийн бодлого, урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөлтийн онцлог, эдийн засгийн бүтэц, шинжлэх ухаан, технологийн хөгжил, инновацын чиглэлд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын арга хэмжээ зэрэг өргөн хүрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Оюутнууд өөрсдийн мэргэжлийн чиглэл, гадаадад эзэмшиж буй мэдлэг туршлагаа эх орондоо ашиглах боломж төр, хувийн хэвшил болон их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга уулзалтын төгсгөлд оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсэж, эзэмшсэн мэдлэг чадвараа эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө бүтээлчээр ашиглахыг уриалав.