Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулах ажил эрчимтэй өрнөж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2025 оны А/13 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсыг болон аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл боловсруулах аргачлал”-ыг танилцуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт, хэлэлцүүлгийг Нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн 80 гаруй мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нээж хэлсэн үгэндээ “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь зөвхөн цаас дээрх баримт бичиг бус харин бодит үр дүн авчрах, тухайн орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн амьд бодлого, төлөвлөлт болж бэхжих учиртай”-г онцлон тэмдэглэлээ.
Сургалтын үеэр оролцогчид:
- Хөгжлийн бодлого боловсруулах арга зүй, шат дараалал;
- Үр дүнг шалгуур үзүүлэлтээр хэмжих зарчим;
- Аймаг, нийслэлийн онцлогт нийцсэн бодлогын төлөвлөлтийн аргачлал;
- Орон нутгийн хөгжлийн зорилгыг улсын хөгжлийн бодлоготой уялдуулах арга замуудын талаар мэдлэг, мэдээлэлтэй танилцсан байна.