Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлагууд “Эдийн засгийн хөгжлийн төв” УТҮГ, Худалдаа хөрөнгө оруулалтын газар, худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайдын Ажлын албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулагчийн баталгааг хангах, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байлгах талаар тусгах зохицуулалтыг боловсронгуй талаар харилцан санал солилцлоо.
Түүнчлэн “Эдийн засгийн хөгжлийн төв” УТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Зоригт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг тогтооход гүйцэтгэлд суурилсан KPI үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх боломж, арга замууд, олон улсын сайн туршлагуудын талаар хуваалцлаа.
Дашрамд дурдахад, Эдийн засаг, хөгжлийн яамнаас хөрөнгө оруулалт, бизнесийн хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, түүнийг дагалдан Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад 100 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтийн саналыг авч байна.







