Монгол, Японы Зөвлөлдөх уулзалтын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн Япон Улс дах Монгол Улсын Элчин сайдын яамнаас Монгол, Японы “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Японы хөрөнгө оруулалтыг татах, харилцан ашигтай шинэ боломжийг бүрдүүлэх зорилго бүхий Монголын өдөр хөрөнгө оруулалтын форумыг амжилттай зохион байгууллаа. Форумд Монгол Улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон Япон Улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарын мэргэжилтнүүд оролцож, хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл, санхүүгийн зах зээлийн боломжуудын талаар санал солилцов.
Форумыг нээж Монгол Улсын Шадар сайд Х. Ганхуяг Монгол–Япон эдийн засгийн харилцааны стратегийн ач холбогдлыг онцолж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах авч хэрэгжүүлж буй арга хэмжээг онцолж оролцогчдыг идэвхитэй оролцохыг уриалсан. Мөн санхүүгийн зах зээлийн салбарын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т. Жамбаажамц үг хэлж тус салбарын эрх зүйн шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлагыг онцолсон.
Арга хэмжээний үеэр, МҮХАҮТ-ын төлөөлөгч К. Накамүра “Монгол Улсыг сонирхох шалтгаан” сэдвээр Монголын эдийн засгийн өсөлтийн боломж, байгалийн баялаг, стратегийн байршлын давуу талыг танилцуулсан. Япон Улсын Санхүүгийн зохицуулах хорооны ахлах зөвлөх С. Ито Японы гадаад хөрөнгө оруулалтын бодлогын чиг хандлага, Монголын зах зээлд сонирхол татах хүчин зүйлсийн илтгэл тависан.
Монголбанкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн гадаадын банкны салбарыг Монголд нэвтрүүлэх эрх зүйн шинэчлэл болон мөнгөний бодлогын өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, санхүүгийн тогтвортой байдлыг хангах шинэ арга хэмжээг танилцуулсан бөгөөд Үнэт цаасны зах зээлийн хөгжлийн талаар Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулсан бөгөөд Япон Улсын хөрөнгө оруулагчдад Улаанбаатар хотын Нэгдүгээр орлогч Т. Даваадалай “Их хотын асуудал ба технологийн шийдэл” сэдвээр хотын дэд бүтцийн шинэчлэл, төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, хамтран ажиллахыг санал болгосон. Форумын төгсгөлд Япон, Монголын бизнесийн хамтын ажиллагаанд тулгардаг соёлын ялгаа, анхаарах асуудлуудыг Япон–Монголын Эдийн засгийн нөхөрлөлийн нийгэмлэгийн тэргүүн К. Фүжимото хөндсөн нь оролцогчдын анхаарлыг татсан.
Худалдаа хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцуулсны дараа Худалдаа хөгжлийн банк болон Mynavi Bridge Corporation хооронд хөрөнгө оруулалт, санхүүжилт татах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр улсын бизнесийн хамтын ажиллагаа өргөжиж буйг илтгэх бодит жишээ болов.
Форумын хаалтын үгийг Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Баярсайхан хэлж, хоёр улсын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд энэхүү арга хэмжээний ач холбогдлыг онцлон тэмдэглэв.













