ЭКСПОРТ МОНГОЛ-ЭКСПОРТЛОГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

A- A A+
ЭКСПОРТ МОНГОЛ-ЭКСПОРТЛОГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Ноолуурын Холбоо, Экспорт Олон Улсын Худалдааны Төв хамтран 2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр “Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортоор эдийн засгаа төрөлжүүлье” уриан дор “Экспорт Монгол-Экспортлогчдын зөвлөлдөх уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээг нээж, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн үг хэлсэн бөгөөд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, гадаад худалдаа, шинээр байгуулсан болон байгуулахаар хэлэлцэж буй чөлөөт худалдааны хэлэлцээрүүд, тэр дундаа одоо хүчин төгөлдөр үйлчлэхээр хүлээгдэж буй Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр, үүнээс Монголын үйлдвэрлэгч, экспортлогч нарт бий болж буй шинэ боломжууд, гадаад худалдааны үйл ажиллагааг хялбаршуулсан зохицуулалтуудыг танилцууллаа.

Түүнчлэн манай улсын гадаад худалдааны тэнцэл 2014 оноос хойш ашигтай, экспортын орлого түүхэн дээд амжилт үзүүлж байгаа нь эерэг үзүүлэлт боловч экспортын төвлөрөл хэт өндөр буюу экспортын нэг зах зээл, нэг салбарын бүтээгдэхүүний хамаарлын бүтэц өөрчлөгдөөгүй байгааг онцоллоо. Экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцлаа.

Зөвлөлдөх уулзалтын үеэр зохион байгуулагдсан “Уул уурхайн бус салбарын экспортод нэмүү өртөг шингээх боломж ба бүтцийн сорилтууд” сэдэвт панел хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газраас онцлох асуултуудаар чиглүүлж, оролцогчдын байр суурийг тэнцвэртэй хүргэлээ. Үүний зэрэгцээ чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ойрын хугацаанд зохион байгуулах, авч хэрэгжүүлж буй болон авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар нэмэлт мэдээлэл өгсөн юм.

Тус арга хэмжээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, экспортлогчид, бизнес эрхлэгчид, төрийн болон олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоодын 100 гаруй төлөөлөл оролцлоо. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээг нэг зорилгод төвлөрүүлэн уялдуулах, хэрэгжилтийг нэг шат ахиулахад эерэг хувь нэмэр оруулж байгаа юм.