Эдийн засаг, хөгжлийн яамны ээлжит шуурхай хурлыг Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү удирдан явуулж, газар, хэлтсийн удирдлагуудын ажлын тайлан, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний үр дүн болон чухал бөгөөд яаралтай асуудлуудыг хэлэлцэн, холбогдох үүрэг, чиглэл өглөө. Мөн шинээр томилогдсон газар, хэлтсийн дарга нарыг үүрэгт ажилд нь орууллаа.
Шуурхай хурлаар танилцуулсан бодлого, арга хэмжээний голлох үр дүнгээс онцолбол:
ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР
- Экспортын орлого 16.2 тэрбум ам.доллар гадаад валютын албан нөөц 8.9 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, импортын инфляцын эрсдэлийг бууруулахад чухал нөлөө үзүүллээ.
- Нийт инфляцад импортын гаралтай инфляцын эзлэх хувь өмнөх жилүүдэд 60 хувьд хүрч байсан бол 2026 онд 27 хувь болж буурлаа.
- Төсвийн сахилга батыг бэхжүүлэх, уул уурхайн орлогоос хамаарсан төсвийн зардлын огцом өсөлтийг хязгаарлах тусгай шаардлагуудыг сэргээх арга хэмжээ авлаа.
- Эдийн засаг, хөгжлийн сайдын ахалсан “Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, экспортын нөхцөл байдал, тээвэр зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцууллаа.
БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД
- “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” анхдагч хууль, “Хөрөнгө оруулалтын тухай” болон “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай” хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 90 гаруй хуулийн дагалдах өөрчлөлтийн хамт УИХ-аар батлууллаа.
- Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвөөр дамжуулан 4.4 их наяд төгрөгийн дүн бүхий 51 гомдол хүлээн авч, үүнээс 3.1 их наяд төгрөгийн 30 гомдлыг шийдвэрлэлээ.
- 19 долоо хоногийн хугацаанд 222 хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгуулж, 4,500 гаруй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад мэдээлэл, зөвлөгөө хүргэлээ.
- Төрөөс олгодог 347 зөвшөөрлийн 92.5 хувийг цахимжуулж, 83 төрлийн үйл ажиллагааг мэдэгдлийн үндсэн дээр эхлүүлэх боломжийг бүрдүүллээ.
- Бизнес эхлүүлэх хугацааг 14 хоногоос 48 цаг болгон богиносгож, зөрчилгүй аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг ажлын 2 хоногт цахимаар сунгадаг боллоо.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШИНЭЧЛЭЛ, САНХҮҮЖИЛТИЙН ХҮРЭЭНД
- Монгол Улсын Хөгжлийн банкны бүтэц, үйл ажиллагааг шинэчилж, зардлыг бууруулан, өөрийн хөрөнгө, санхүүгийн чадавхыг бэхжүүллээ.
- Олон улсын хөрөнгийн зах зээлээс 750 сая ам.долларын санхүүжилт амжилттай босгож, зээл олголтыг сэргээн, хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлж эхэллээ.
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ СЭРГЭЭХ ЧИГЛЭЛЭЭР
- “Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийг УИХ-аар батлуулж, газрын тосны хайгуул, олборлолт, хөрөнгө оруулалтад тулгамдсан эрх зүйн асуудлыг шийдвэрлэлээ.
- Ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эдээр тогтвортой хангах, импортын шатахууны хамаарлыг бууруулах нөхцөлийг бүрдүүллээ.
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
- Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх 19 шинэ төслийн урьдчилсан үнэлгээг хийж, 13 төслийн бүрэн шинжилгээг гүйцэтгэж байна.
- Нэг төслийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулж, нэг төслийн гэрээний хэлэлцээг эхлүүллээ.
- Улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх боломжийг өргөжүүллээ.
ГАДААД ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД
- 180 сая хүн амтай Евразийн эдийн засгийн холбоо-той байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, гааль, хил нэвтрэлт, худалдааны хөнгөвчлөлтийн хамтын ажиллагааг ахиуллаа.
- БНСУ-тай байгуулах Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн 17 бүлгийн 11-ийг эцэслэн тохирч, мах, арьс шир, ноос, ноолуурын бүтээгдэхүүний тарифын хөнгөлөлтийн асуудлаар зарчмын тохиролцоонд хүрлээ.
- Төв Азийн бүс нутгийн найман улстай “Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр”-ийн хэлэлцээг Улаанбаатар хотноо албан ёсоор эхлүүллээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
- Монгол, Оросын шинжлэх ухааны академийн хамтарсан судалгаагаар “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын экосистемийн экологийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх боломжтой гэсэн санал, дүгнэлтэд хүрлээ.
- Ингэснээр олон жил саатсан “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг урагшлуулах чухал нөхцөл бүрдлээ.
ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН САЛБАРЫН ХҮРЭЭНД
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын Монголч эрдэмтдийн XIII их хурлыг зохион байгуулж, 30 улсын 546 эрдэмтнийг хамруулан Монгол судлалыг олон улсад сурталчлан таниуллаа.
- Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн, төрөлжсөн лаборатори, технологи дамжуулах төв бүхий шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг ашиглалтад орууллаа.
- Судалгааны лабораториудын тоног төхөөрөмжийг шинэчилж, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын материаллаг баазыг бэхжүүллээ.








