Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

A- A A+
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хүсейн Озхан, тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсөж, гадаад валютын нөөц долоон тэрбум ам.долларт хүрснийг тэмдэглээд, өнгөрсөн хугацаанд ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлсэн болон одоо хэрэгжиж буй дэд бүтэц, эрүүл мэнд, эрчим хүчний салбарын төсөл, хөтөлбөрүүд нь Засгийн газрын бодлого, зорилттой нягт уялдаж байгааг онцлов.

Тэрбээр үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн орон зайг тэлэх, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь 2007 оноос хойш Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн нийт 166 төсөлд гурван тэрбум ам.долларын санхүүжилтийг зээл болон шууд хөрөнгө оруулалтын хэлбэрээр олгоод байна. Тус банк үүнээс 90 хувийг хувийн хэвшилд чиглүүлэн Монгол Улсын хувийн хэвшлийн салбартай нягт хамтран ажиллаж ирсэн.

Түүнчлэн Монгол Улсын дотоодын арилжааны банкуудтай хамтран ажиллаж, санхүүгийн салбараар дамжуулан жижиг, дунд бизнесүүдэд чиглэсэн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.