
“Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний 4.2.1 дэх заалтад давхардсан, хуульд нийцээгүй, хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй 1000 журмыг цуцалж, хүчингүй болгох зорилт тусгагдсан.
Энэхүү зорилтын хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яаманд дэд сайд С.Даваасүрэнгээр ахлуулсан дэд ажлын хэсэг байгуулагдаж, анхны хурлаа зохион байгууллаа.

Хурлаар ажлын хэсгийн гишүүдэд дүрэм, журам, заавар, аргачлалд дүн шинжилгээ хийх шалгуур үзүүлэлт, аргачлалыг танилцуулж, ирэх хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахаар шийдвэрлэв.

Дэд ажлын хэсэг нь Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан дүрэм, журам, заавар, аргачлалд дараах чиглэлээр дүн шинжилгээ хийнэ. Үүнд:
- Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хуулиар тогтоосноос гадуур хязгаарласан эсэх;
- Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шинж агуулсан зохицуулалт агуулсан эсэх;
- Хуулиар зохицуулах харилцааг журмаар зохицуулсан эсэх;
- Ашиг сонирхлын зөрчил, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн эсэх;
- Хуулиар хориглоогүй асуудлыг журмаар хориглосон эсэх.
Дэд ажлын хэсгээс дүн шинжилгээний үр дүнд тулгуурлан хуульд нийцээгүй, давхардсан зохицуулалтыг хүчингүй болгох, өөрчлөх, шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн төслийг боловсруулан санал болгох бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 15 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллах юм.


