Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны хүндрэл, чирэгдлийг бууруулах, төрийн үйлчилгээг хялбаршуулах, цахимжилтыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсын бизнесийн бүртгэлийн шинэчлэлийг боловсронгуй болгох нь” сэдэвт арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын XI байрны 1 дүгээр давхарт байрлах Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний хүрээнд Дэлхийн банкнаас Монгол Улсын бизнесийн бүртгэлийн тогтолцоонд хийсэн үнэлгээний үр дүнд боловсруулсан “Монгол Улсын бизнесийн бүртгэл: Гол дүгнэлтүүд ба зөвлөмжүүд” судалгааны тайланг танилцуулж, бизнесийн бүртгэлийн эрх зүйн орчин, байгууллага хоорондын уялдаа холбоо, цахим үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, олон улсын сайн туршлага болон цаашид хэрэгжүүлэх шинэчлэлийн чиглэлийн талаар хэлэлцэв.
Арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Ригби Делмон нар нээж үг хэллээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээлтийн үгэндээ бизнесийн бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох нь бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтойг онцлов. Түүнчлэн бүртгэлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, шат дамжлагыг хялбаршуулах, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжээс ижил мэдээллийг давхардуулан шаардахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
Үргэлжлүүлэн Дэлхийн банкны Хувийн салбарын мэргэжилтэн Рампракаш Сетурамасуббу “Монгол Улсын бизнесийн бүртгэл: Гол дүгнэлтүүд ба зөвлөмжүүд” судалгааны тайланг танилцууллаа. Уг судалгаагаар Монгол Улсад бизнесийн бүртгэлийн эрх зүйн орчин болон цахим дэд бүтцийн үндсэн суурь бүрдсэн хэдий ч бүртгэлийн үйл ажиллагаанд цаасан баримт бичиг бүрдүүлэх, нотариатаар баталгаажуулах, төрийн байгууллагад биечлэн хандах, ижил мэдээллийг давхардуулан шаардах зэрэг хүндрэл байгааг тодорхойлов. Иймд бизнесийн бүртгэлийн эрх зүйн зохицуулалтыг нэгтгэн цэгцлэх, бүртгэлийн шаардлага, шат дамжлагыг хялбаршуулах, “цахим нэн тэргүүнд” болон “нэг удаа мэдээлэх” зарчмыг хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн системүүдийн харилцан уялдааг бэхжүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг эхнээс нь дуустал бүрэн цахимжуулах зэрэг шинэчлэлийн зөвлөмжийг дэвшүүлсэн талаар мэдээлэв.
Мөн олон улсын туршлагыг танилцуулах хүрээнд БНХАУ-ын Бээжин хотын Зах зээлийн зохицуулалтын газрын төлөөлөл Бээжин хотын бизнесийн бүртгэлийн тогтолцоонд хэрэгжүүлсэн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, бүртгэлийн үйл ажиллагааг хялбаршуулах, төрийн үйлчилгээний хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага хуваалцлаа. Үүний дараа “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим засаглалын газрын төслийн менежер О.Төгөлдөр хуулийн этгээдэд зориулсан төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business 2.0 системийн талаар танилцуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аюуш улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээ, цахимжилтын өнөөгийн байдал болон цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хүргэлээ.
Танилцуулгуудын дараа оролцогчид асуулт асууж, бизнесийн бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, байгууллага хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлээр санал солилцов. Арга хэмжээний төгсгөлд Дэлхийн банкны Хувийн салбарын мэргэжилтэн Вентинг Вэй хаалтын үг хэллээ. Энэхүү арга хэмжээ нь Дэлхийн банкны судалгааны дүгнэлт, зөвлөмжийг Монгол Улсын бизнесийн бүртгэлийн тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болон бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудалтай уялдуулан хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх шинэчлэлийн чиглэлээр нэгдсэн ойлголт бүрдүүлэхэд чиглэв.
Түүнчлэн төрийн байгууллага, олон улсын байгууллага болон холбогдох талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүртгэлийн шаардлага, шат дамжлагыг хялбаршуулах, мэдээллийн давхардлыг арилгах, цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэн, аж ахуйн нэгжид учирч буй захиргааны дарамт, зардал, чирэгдлийг бууруулах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


