
Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2026.03.24/ болж, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөгчид болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Геополитикийн сорилтууд нэмэгдэж буй энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар хэлэлцэж, Хөгжлийн түншүүдтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг харилцан ашигтай байдлаар дараагийн түвшинд хүргэх боломжийн талаар санал солилцов.

Уулзалтыг нээж, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн үг хэлж, эдийн засгийн тогтвортой хөгжилд олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлийг танилцуулав. Үүнд:
• Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах эрх зүйн шинэчлэл,
• Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, төслийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх,
• Худалдаа, бүс нутгийн интеграцийг өргөжүүлж, экспортын зах зээлийг төрөлжүүлэх, “нэг цонхны” цахим систем нэвтрүүлэх.
Мөн эрчим хүчний салбарт реформ хийж, стратегийн төслүүдийг эрчимжүүлэх зэрэг чиглэлүүд багтлаа.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг дэмжих чиглэлээр цаашид идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, бодлогын уялдаа холбоо, түншлэлийг бэхжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв.


