
Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх зорилгоор арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дунд ээлжит мэдээлэл, хэлэлцүүлгийн арга хэмжээг өнөөдөр /2026.02.24./ зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж, Эдийн засаг, хөгжлийн яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Д.Эрдэнэтуяа үг хэлж, худалдааны бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтын талаар танилцуулсан юм.

Үргэлжлүүлэн тус яамнаас худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, тухайлбал гадаад худалдааны цахим “нэг цонх”-ны систем, худалдааны платформын хөгжүүлэлт, Худалдааны тухай анхдагч хуулийн төслийн боловсруулалтын явц болон бусад ажлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны удирдлагууд болон нийт 26 экспортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Евразийн зах зээлд арьс, ширэн бүтээгдэхүүн экспортлох боломж, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн талаар санал солилцож, стандартын шаардлага, гаалийн бүрдүүлэлт, логистик, мал эмнэлэг, хорио цээрийн асуудал зэрэг чиглэлээр шийдвэрлэх арга замын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Энэхүү арга хэмжээ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг шуурхай хүргэх, тулгамдсан асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.


