
ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл (PPPrism)”-ийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хуралдаан өнөөдөр /2026.03.27/ Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв, Зам, тээврийн яам болон Япон улсын Элчин сайдын яам, ЖАЙКА Төв оффис, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцов.
Энэ удаагийн хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн болон бодлогын орчинд гарсан өөрчлөлт, ялангуяа Төр хувийн хэвшлийн төвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийн явц, холбогдох журам, аргачлалын шинэчлэлийн талаар танилцуулж, цаашдын чиг хандлагыг хэлэлцэв.

Сангийн яамнаас төсөв, санхүүгийн бодлого чиглэл, төсвийн хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, ТХХТ-ийн чиглэлээр хэрэгжилтийн уялдааг хангахад чиглэсэн хэлэлцүүлэг өрнүүллээ.
Түүнчлэн PPPrism төслийн баг 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны явц, үр дүн, цаашдын төлөвлөгөөг танилцуулж, Тайланд Улсад зохион байгуулсан туршлага судлах сургалтын үр дүнг оролцогч байгууллагууд танилцуулав.
Хуралдааны үеэр Хамтарсан зохицуулах хорооны зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, тус хорооны даргаар Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Даваасүрэнг томилох шийдвэрийг баталгаажуулсан нь төслийн хэрэгжилтийг бодлогын түвшинд уялдуулан удирдах, салбар хоорондын зохицуулалтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Хуралдааны төгсгөлд хэлэлцсэн асуудлуудын хүрээнд дүгнэлт хийж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ТХХТ-ийн бодлогын хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгох чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий чиглэлийг тодорхойлов.


