
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийг батлах явц, хэрэгжилтийн бэлэн байдлыг хангах талаар санал солилцож, хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд холбогдох төсөл, арга хэмжээний явцад ахиц гаргахын ач холбогдлыг мөн онцлон тэмдэглэв.

Түүнчлэн худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ОХУ-ын бүс нутгууд болон томоохон аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх, үндэсний бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах үзэсгэлэн, арга хэмжээг Оросын хотуудад зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар талууд санал нэгдлээ. Монгол, Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалтын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцож, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог ханган ажиллах, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргахаар тохиролцов.



