Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирагч нарын жилийн уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагаа, зах зээлийн хөгжил болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Баргав Дасгупта тэргүүтэй төлөөлөгчид, Хөдөө аж ахуй, хүнс, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн салбар хариуцсан ахлах захирал Чингфенг Жан болон Европын хөрөнгө оруулалтын банкны бүс нутаг хариуцсан хэсгийн захирал Эдвардас Бамстэйнас нартай тус тус уулзлаа.

Уулзалтуудаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл, хувийн хэвшлийг дэмжих бодлого, эдийн засгийг төрөлжүүлэх зорилт, бүс нутгийн хамтын ажиллагаа болон тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.
Дэд ерөнхийлөгч Баргав Дасгупта тэргүүтэй төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаар хувийн хэвшлийг дэмжих бодлогын шинэчлэл, төр-хувийн хэвшлийн түншлэл, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт, сэргээгдэх эрчим хүч болон ногоон санхүүжилт, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
Мөн Чингфенг Жантай хийсэн уулзалтаар Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт, хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар санал солилцож, эдгээр чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав.

Түүнчлэн Эдвардас Бамстэйнастай Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой дэд бүтэц, тогтвортой санхүүжилт, ногоон хөгжлийн төслүүдийн талаар санал солилцсон. Уулзалтаар төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бүс нутгийн холболтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.
Уулзалтуудын үеэр талууд Монгол Улсын эдийн засгийн өсөлт, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайшааж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Жилийн уулзалтаар “Бүс нутгийн интеграц, хөрөнгийн зах зээлийн хөгжил, эрх зүйн орчны уялдаа ба чанартай гадаадын шууд хөрөнгө оруулалт (FDI)” сэдэвт панел хэлэлцүүлэгт оролцож, бүс нутгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн холболт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ.
Монгол Улс нь далайд гарцгүй орны хувьд бүс нутгийн холболт, тээвэр логистик, дэд бүтцийн хөгжил нь хөрөнгө оруулалт татахад чухал ач холбогдолтойг онцолж, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн интеграц, бодлогын уялдааг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтойг онцоллоо.

Түүнчлэн Монгол Улс эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгааг танилцууллаа.


