Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д “Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ даваа гарагт (2026.05.04) эхэлсэн. Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ өнөөдөр (2026.05.08) дөрөв дэх өдрөө болж, “Активын удирдлага-хамтын ажиллагаа” зэрэг сэдвүүдийн хүрээнд нээлттэй санал солилцож, цаашдын боломжит шийдэл, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.

Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин өнөөдрийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын банк, санхүүгийн салбарын чанаргүй актив болон Хөгжлийн банкны чанаргүй активын нөхцөл байдлыг хөндөн ярилцаж, энэ хүрээнд төр, хувийн хэвшил хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах гарц, шийдлийг олно гэдэгт итгэлтэй байна...” гэв. Мөн Хөгжлийн банкны чанаргүй актив 1.3 их наяд төгрөгт хүрсэн гэдгийг онцлов.

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Билэгчулуун “Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй активын нөхцөл байдал” буюу төрийн өмчийн компаниудын чанаргүй зээлийг барагдуулах ажлын хэсгийн талаар илтгэл танилцууллаа. Ингэхдээ “Хөгжлийн банкны нийт зээлийн 54.8 хувь нь чанаргүй болж, түүний 76 хувьд эрсдэлийн сан байгуулсан юм. 2018-2026 оны хооронд хууль, шүүхийн журмаар 1.8 тэрбум төгрөгийн 55 зээлийг нэхэмжилсэн байдаг. Үүнээс 39 зээлийг шүүхээр шийдвэрлэснээс 20 зээл төлөгдсөн. 5-6 жилийг шүүх, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхэд зарцуулж байгаа. Өнөөдрийн байдлаар эргэн төлөлт хангалтгүй байна. Чанаргүй активуудыг бууруулах хүрээнд Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг гаргуулан төр, хувийн хэвшилтэй хамтран үе шаттайгаар төлүүлэхээр ажиллаж байгаа” гэв.

Монголын банкны холбооны Хууль эрхзүй хариуцсан Ахлах менежер Б.Солонго “Чанаргүй зээл, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл танилцуулав. Тэрбээр, “Манай улс бизнес эрхлэхэд таатай улсуудын жагсаалтад 190 улсаас 81-р байрт жагсаж байна. Харин зээл авахад хялбар байдлаараа бүс нутагтаа тэргүүлж байна. Зээлтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд авлага барагдуулахад хүндрэлтэй байна” хэмээлээ.
Мөн Монсертф ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн “Стандарттай Монгол” сэдвээр Банк, санхүү хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулах, олон улсын хөрөнгийн биржийн шаардлагад нийцүүлэх зорилгоор Монгол улсад хэрэгжүүлж буй стандартын тухай танилцуулга мэдээлэл хүргэлээ. “Хөгжлийн банкны өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй зарим үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааны талаар” Хөгжлийн банкны Тусгай актив удирдлагын газрын захирал Б.Базарсад илтгэл танилцуулж, мэдээлэл хүргэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн Монсертф ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн нар Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, (ISO/IEC 27001:2022) Авлигын эсрэг менежментийн тогтолцоо (ISO/IEC 37001:2025) Олон улсын стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулж гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

“Активын удирдлага хэрэгжүүлсэн туршлага, практик” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хэлэлцүүлэгт төрийн болон хувийн байгууллагуудын төлөөлөл оролцож, практикт тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэдэг болон саад бэрхшээлүүд, түүнээс гарах гарц, боломж, шийдлийн талаар өөрсдийн саналаа илэрхийлэв. Тэдний зүгээс шинээр боловсруулагдаж буй “Актив удирлагын тухай хуулийн төсөл”-д дээрх асуудлуудыг шийдвэрлэх зохицуулалтуудыг тусгаж, эрх зүйн хүрээнд ахиц гарна гэсэн хүлээлттэй байна. Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Билэгчулуун чиглүүлэгчээр, Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын захирал Б.Амгалан, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Голомт банкны Зээл цуглуулах газрын захирал Б.Энхтүвшин, Монголын актив удирдлагын корпорацын төслийн менежер Б.Очирхуяг нар оролцов.





