Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Йовичтой уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар танилцууллаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас төрийн оролцоог бууруулах, эдийн засгийг либералчлах, хувийн хэвшлийн орон зайг тэлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг танилцуулав.
Серби Улс Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах чиглэлээр Баруун Балканы бүс нутагтаа харьцангуй өндөр амжилт үзүүлж, 2026 оны байдлаар хуримтлагдсан ГШХО-ын хэмжээ 65,4 тэрбум ам.доллар орчимд хүрсэн, тус улсын Хөгжлийн агентлаг буюу RAS /Development Agency of Serbia/-аар дамжуулан хөрөнгө оруулагчдад “нэг цэгийн үйлчилгээ” хэлбэрийн дэмжлэг үзүүлдэг талаар танилцуулав.

Дэд сайд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн Төрийн нарийн бичгийн даргад талархал илэрхийлж, энэ чиглэлээр Серби Улсын сайн туршлагыг судлах, цаашид хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх сонирхолтой байгаагаа хэлэв.
Түүнчлэн хөдөө аж ахуй, хүнс боловсруулах үйлдвэрлэл, эм эмнэлгийн хэрэгсэл, зам тээврийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр талын хувьд цаашид хөгжүүлэх боломжтой чиглэлүүд болохыг талууд тэмдэглэлээ.
Монгол Улс хуучин Югослав Улстай 1956 оноос харилцаа хөгжүүлж ирсэн түүхэн суурьтай бөгөөд хоёр улсын харилцаа соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт өргөжин хөгжиж ирсэн юм.






