Нэгдсэн үндэстний байгууллага Монгол Улсын идэвх санаачилга, оролцоог өндрөөр үнэлж байна гэв

A- A A+
Нэгдсэн үндэстний байгууллага Монгол Улсын идэвх санаачилга, оролцоог өндрөөр үнэлж байна гэв

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн нар Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг өнөөдөр (2026.05.14) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон тэмдэглэж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд НҮБ-ын гүйцэтгэх үүрэг онцгой чухал болохыг тэмдэглэв. Ойн хүрээнд бодит үр дүн бүхий санал, санаачилгуудыг дэвшүүлэн идэвхтэй хамтран ажиллахын ач холбогдлыг дурдлаа.

Монгол Улс НҮБ-ын үндсэн зарчим, үнэт зүйлийг тууштай дэмжиж, бүс нутгийн хэмжээнд манлайлал үзүүлж ирснийг Тэргүүн Шадар сайд онцлон тэмдэглэв. Тухайлбал, Монгол Улсын энхийг сахиулагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж байна.

Суурин зохицуулагч Яап ван Хиердэн Монгол Улсын идэвх санаачилга, оролцоог НҮБ өндрөөр үнэлдгийг илэрхийлэв. Түүнчлэн “Монгол Улс-НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (2023–2027)” хөтөлбөрийн хэрэгжилт дуусах шатандаа орж буйтай холбогдуулан, 2028–2032 онд хэрэгжүүлэх дараагийн таван жилийн хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан нягт хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.

НҮБ-ын хөгжлийн түншүүдийн уулзалтыг тогтмолжуулж, харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.