“Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилт эрчимжиж байна

A- A A+
“Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилт эрчимжиж байна

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ), Уур амьсгалын ногоон сан, Европын холбоо болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 2024-2033 онд үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийн ялгарал багатай, иргэдэд ээлтэй аймаг, сумын төвүүдийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, бизнесийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой юм.

Хөтөлбөрийг Эдийн засаг, хөгжлийн яам үндсэн хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж байна.

Хөтөлбөр нь гурван үе шаттайгаар 17 аймгийн 76 суманд инженерийн дэд бүтэц, тээвэр логистик, ногоон санхүүжилт, хөдөө аж ахуйн менежментийн шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн эхний үе шат нь баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймагт үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Төслийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх ажил эхэлж, 2026 онд хэрэгжүүлэх 12 багц ажлын бэлтгэлийг хангаж байна. Үүнд:

  • Хог хаягдлын менежмент,
  • Үерийн хамгаалалт,
  • Эрчим хүчний шинэчлэл,
  • Нарны зайн систем,
  • Барилгын дулаалгын ажлууд багтаж байна.

Бэлчээрийн менежмент, тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олон улсын зөвлөх байгууллагатай хамтран техникийн зөвлөх үйлчилгээний ажлыг эхлүүллээ.

Түүнчлэн “Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийн сан (GIRAF)” байгуулагдсантай холбогдуулан Төслийн удирдах хороо хуралдаж, төслийн санхүүгийн төлөвлөгөөнд ногоон зээл болон хөдөө аж ахуйн инновацын санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх, байгаль орчинд ээлтэй хөгжлийг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.