Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн гишүүн орнууд хооронд байгуулах Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр (КАРТИФ)-ийн хэлэлцээг албан ёсоор эхлүүлэх уулзалт өчигдөр (2026.06.03) Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Уулзалтыг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрыг түр хариуцсан захирал Чандра Арора нар хамтран нээж үг хэлэв.
АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгждэг КАРЕК хөтөлбөрийн гишүүн орнууд 2025 оны 11 дүгээр сард Киргиз Улсад зохион байгуулагдсан Сайд нарын уулзалтаар КАРТИФ хэлэлцээрийн хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцож, Бишкекийн сайд нарын тунхаглалыг баталсан. Энэхүү хэлэлцээр нь худалдааг хөнгөвчлөх, ариун цэвэр, ургамлын хорио цээрийн арга хэмжээ (SPS), худалдаан дахь техникийн саад тотгор (TBT)-ыг бууруулах, үйлчилгээний худалдаа, дижитал худалдаа болон хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
Монгол Улсын хувьд КАРТИФ нь бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцоогоо нэмэгдүүлэх, экспортын зах зээлээ төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, худалдааны орчноо орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой юм.
Энэ жил КАРЕК хөтөлбөрийн 25 жилийн ой тохиож буйгаас гадна Монгол Улс хөтөлбөрийг даргалж байгаагаараа онцлогтой жил болж байна. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам АХБ-тай хамтран худалдаа, гааль, тээвэр, эрчим хүч зэрэг салбарын бүс нутгийн хуралдаанууд болон өндөр түвшний уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.







