Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх "Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв"-д өнөөдөр (2026.06.08) 2026 оны эхний хагас жилийн үр дүнг танилцуулах “ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ, АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨВ-ҮР ДҮН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” сэдэвт арга хэмжээ боллоо.
Тус хэлэлцүүлгийн зорилго нь Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулагдсанаас хойших үйл ажиллагааны үр дүнг танилцуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны тулгамдсан асуудлыг хэлэлцэх, мөн төвийн цаашдын үйл ажиллагааны чиглэл, бодлогын шинэчлэлийн талаар төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллийн саналыг нэгтгэхэд чиглэлээ.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн арга хэмжээг нээж, “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийн үр дүн, танилцуулга” сэдвээр үндсэн илтгэлийг танилцуулав. Тус төв байгуулагдсанаас хойш 15 салбарын хүрээнд 79 арга хэмжээ зохион байгуулж, 1,091 аж ахуйн нэгжийн нийт 3,273 оролцогч хамрагдсан талаар мэдээлэв. Мөн хугацаанд хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдээс ирүүлсэн 304 санал, хүсэлтийг нэгтгэн судалж, тэдгээрээс 98 асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан талаар танилцууллаа. Хөрөнгө оруулалтын орчинд тулгарч буй нийтлэг асуудлууд нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хөгжлийн бодлогын тогтвортой байдал, хууль эрх зүйн зохицуулалтын тодорхой бус байдал, төрийн үйлчилгээний хүртээмж, хөрөнгө оруулагчдын гомдол шийдвэрлэх механизмын сул байдалтай холбоотой байгааг дурдсан юм. Мөн тэрбээр, “2025 оны жилийн эцсийн байдлаар бизнесийн эрх чөлөөгөөрөө дэлхийн 184 улсаас 74-т эрэмбэлэгдсэнийг онцоллоо.

Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн талаар Хөрөнгө оруулалт бодлогын газрын хуулийн зөвлөх Ж.Мягмарсүрэн танилцууллаа. “Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх механизмыг бүрдүүлэх шаардлагатай төдийгүй эрх зүйн орчин хангалтгүй байгааг илтгэлдээ дурдав. Гадаадын хөрөнгө оруулалт хийх эрхийг хуулиар хязгаарлаж, хориглодог бөгөөд 41 хуулийн 49 зохицуулалт бий” гэдгийг онцлов.

Үргэлжлүүлэн панел хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адьяа чиглүүлж, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын худалдааг дэмжих хэлтсийн дарга О.Эрдэнэбаяр, ЭЗХЯ-ны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Улаанбаатар хотын худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ нар оролцлоо.
Онцлох тоонуудаас дурдвал, "Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв"-ийн үйл ажиллагаа 2026.01.12-ноос эхэлж байсан бөгөөд 15 долоо хоногт 79 арга хэмжээ зохион байгуулсан байна. 2026 оны эхний хагас жилийн хугацаанд нийт 105 уулзалт зохион байгуулж, 256 илтгэл хэлэлцүүлжээ. Нийт 3273 иргэн, 1091 ААН, 66 төрийн байгууллага, ЭСЯ, ОУБ зэрэгтэй хамтран ажиллалаа. 304 санал хүсэлт ирсэн бөгөөд үүнээс 98 саналыг шийдвэрлэсэн. Тухайлбал, уул уурхайн салбартай холбоотой 63 гомдол, эрчим хүчтэй холбоотой 31 гомдол, худалдаа үйлчилгээтэй холбоотой 13 гомдол иржээ. Нэг долоо хоногийн хугацаанд дунджаар 245 оролцогч оролцсон байна.








