МОНГОЛ, КИРГИЗИЙН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

A- A A+
МОНГОЛ, КИРГИЗИЙН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Бүгд Найрамдах Киргиз Улсын Эдийн засаг, худалдааны дэд сайд Султан Ахматовтой Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар цахим уулзалт хийлээ.

Уулзалтад БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиев, Монгол Улсаас БНКУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, мөн хоёр улсын мал эмнэлэг, хорио цээр болон холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.

Уулзалтын эхэнд БНКУ-ын Эдийн засаг, худалдааны дэд сайд Султан Ахматов Монгол Улс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн Удирдах албан тушаалтнуудын болон холбогдох салбар хуралдаануудыг өндөр түвшинд, амжилттай зохион байгуулсныг онцлон тэмдэглэж, Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулж байгааг сайшаан тэмдэглэлээ.

Уулзалтаар талууд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр нь Монгол, Киргизийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах өндөр ач холбогдолтой болохыг онцолж, хэлэлцээр 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан худалдаанд тулгарч болзошгүй хорио цээр, гарал үүслийн баталгаажуулалт, тээвэр, логистикийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор хоёр орны холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдийн түвшний тогтмол хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн 2026 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болох КАРЕК хөтөлбөрийн Сайд нарын уулзалтын хүрээнд зохион байгуулах бизнес форумд Киргизийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг өргөнөөр оролцуулж, хоёр улсын бизнесийн төлөөлөгчдийн B2B уулзалт хийх санал дэвшүүлэв.