Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн Тэргүүн дэд сайд Айжан Адиловна Бижановаг хүлээн авч уулзлаа

A- A A+
Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн Тэргүүн дэд сайд Айжан Адиловна Бижановаг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн Тэргүүн дэд сайд Айжан Адиловна Бижанова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Талууд уулзалтаар хоёр талын стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аж үйлдвэр, тээвэр логистик, банк санхүү, мэдээллийн технологи, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжих боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хоёр талын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэн лабораторийн шинжилгээ, гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх боломжийг бүрдүүлэх, урьдчилсан зөвшөөрлийн ажиллагааг илүү түргэн шуурхай, ил тод болгох хамтарсан арга механизм бий болгох, стандарт, техникийн зохицуулалт болон шошго, аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллахын ач холбогдлыг цохон тэмдэглэв.

Мөн хоёр талаас экспортлох барааны жагсаалтыг солилцон хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааг дэмжих бодит боломжийг судлан хамтран ажиллахаар тохиолцлоо.

Цаашлаад Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү 2026 оны 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдах КАРЕК хөтөлбөрийн Сайд нарын уулзалтын бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон салбарыг хамарсан томоохон санаачилгуудын хэрэгжилтийг хангах суурийг бүрдүүлэх ач холбогдлыг дурдан тус уулзалтад Бүгд Найрамдах Казахстан Улсаас өндөр, дээд түвшинд оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.  

КАРЕК хөтөлбөрийн Сайд нарын уулзалтын хүрээнд зохион байгуулагдах Бизнес форумыг угтан хоёр талын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг мэдээллээр хангаж, уялдааг одооноос ханган ажиллахаар тохиролцов.