ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

A- A A+
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр (2026.06.18) Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулах, дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахаар тусгасан.

Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил дуусах шатандаа явж байна. Иймд газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилгоор газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх, хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, шинэ орд илрүүлэх, баталгаат нөөцийг өсгөх зэрэг эрх зүйн болон хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа билээ.

Сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулалт, олборлолт буурч байгаа бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой хууль тогтоомжийн зөрчил, эрх зүйн тогтворгүй байдал нөлөөлж байна.

Иймд 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтэд үүсээд буй олон жилийн маргааны асуудлыг шийдвэрлэх, өмнө байгуулсан гэрээний тогтвортой байдлыг хангах, газрын тосны хөрөнгө оруулалт, олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөл батлагдсанаар 1991 оны Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний тогтвортой байдлыг хангаж, гэрээнд заасан татвар, шимтгэл, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг гэрээний дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм.