"ХӨГЖМИЙН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГАД ЗӨВЛӨН ЧИГЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР" МОНГОЛД ХЭРЭГЖИНЭ

A- A A+

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар (IPOM) хамтран Монгол Улсын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилготой WIPO mentorship хөтөлбөрийг Япон улсын Оюуны өмчийн газар, Япон улсын Соёлын асуудал эрхэлсэн агентлагийн дэмжлэгтэйгээр нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөрт Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллага болох “Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг” (MOSCAP) хамрагдана. 

Хөтөлбөрийн хугацаанд талууд урлагийн үндсэн таван салбар болох хөгжим, театр, утга зохиол, дүрслэх урлаг, аудио-визуал урлагийн зохиогчдыг нэгтгэсэн дэлхийн зохиогчийн эрхийн төв байгууллага болох "Олон улсын Зохиогч, Хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбоо" /CISAC/-нд "Хөгжмийн зохиогчийн эрхийн нийгэмлэг" /MOSCAP/-ийг гишүүнээр элсүүлэх зорилт тавин ажиллах юм.

Монголын дуу хөгжим бүтээгчид болон хөгжмийн бүтээлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, Монгол бүтээлийн ашиглалтын төлбөрийг олон улсаас цуглуулах, бүтээл ашиглалтад мониторинг хийх, гишүүдэд төлбөр хуваарилах үйл явцыг автоматжуулах зохиогчийн эрхийн удирдлагын АТЛАС системийг Монголд нэвтрүүлнэ.

Монгол Улсын Оюуны өмчийн газар болон олон улсын зөвлөхүүд хамтран зохиогчийн эрхийг хамгаалах Монгол Улсын хууль эрх зүйн орчин, дүрэм журамд дүн шинжилгээ хийж, хамтын удирдлагын тогтолцоог тогтвортой хөгжүүлэх чиглэлээр “Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг” болон Оюуны өмчийн газарын цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах юм.

Энэхүү хөтөлбөрийг нээж өнөөдөр /2026.06.24/ "Чингис хаан" зочид буудлын "Өргөө" танхимд хөгжмийн зохиогчийн эрхийн салбарын олон улсын эксперт-CISAC ба WIPO-ын зөвлөхүүд зохиогчийн эрхийг хамтын удирдлагын хэлбэрээр хэрэгжүүлэх олон улсын практикийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

  • WIPO-ын Зохиогчийн эрхийн газрын мэргэжилтэн Миюүки Монройг
  • CISAC-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Бенжамин Нж
  • CISAC-ын зөвлөх, WIPO mentorship хөтөлбөрийн зөвлөх Сатоши Ватанабэ
  • Тайландын хөгжмийн зохиогчийн эрхийн нийгэмлэгийн (MCT) менежер Сирия Бунятикарн нар оролцлоо.