Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төв оффисын Карбон зах зээлийн газрын дарга Лэтисиа Гэмараесийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ногоон хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, урт хугацааны хөгжлийн бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн талаар мэдээлэл өглөө. Тус хуульд Эдийн засаг, хөгжлийн яамны чиг үүргийн хүрээнд ногоон санхүүжилтийн стратегийг боловсруулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг уялдуулах зохицуулалт туссан талаар танилцууллаа.
Уулзалтын үр дүнд талууд ногоон санхүүжилтийн бодлого, карбон зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр олон улсын сайн туршлага, аргачлалыг нутагшуулах, засаглал, хувийн хэвшлийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхэд санал нэгдэв.








