Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын иж бүрэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн 6 дугаар шатны хэлэлцээ 3 өдрийн турш үргэлжлэн өндөрлөлөө.
Энэ шатны хэлэлцээгээр Монгол Улс анх удаа чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд сөрөг жагсаалтын аргыг ашиглан үйлчилгээний худалдаа, санхүүгийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын бүлгийн хавсралтуудыг тохиролцож байгаатай холбогдуулан эдгээр хавсралтыг цаашид тохиролцох хугацаа, аргачлалын талаар санал солилцож, харилцан ойлголцолд хүрэв.
Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны салбар, чиглэл, цахим худалдаа, Засгийн газрын худалдан авах ажиллагаа зэрэг хоёр улсын хамтын ажиллагааны асуудлуудаас гадна бизнес эрхлэгчдийг түр хугацаагаар нэвтрүүлэх, иргэдийн визний шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийв.
Хэлэлцээний явцад харилцан хоёр талын зах зээлд экспортлох барааны жагсаалтыг солилцож, тэдгээрийн гарал үүслийн дүрмийг хэлэлцэж тодорхой ахиц гаргалаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд монголын талын хэлэлцээний багийн ахлагч И.Батхүү хэлэлцээг хааж үг хэлэхдээ “Богино хугацаанд өргөн хүрээний асуудлыг хоёр улсын дотоодын болон олон улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үр дүн гаргахаар идэвхтэй ажилласан хоёр талын хэлэлцээний багийн ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлэхийн ялдамд иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд харилцан ашигтай байх зарчим дээр үндэслэх ёстой”-г цохон тэмдэглэв.



















