ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл” -ийн Хамтарсан зохицуулах хорооны III хурал 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр ЭЗХЯ-нд боллоо.
Төслийн хамтарсан зохицуулах хорооны хурлыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн даргалсан ба тус хурлаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн цахим систем нэвтрүүлсэн олон улсын туршлага, ололт амжилт болон сургамжуудыг төслийн зүгээс танилцуулж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн мэдээллийн системийг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэхэд “Start small, Scale later” буюу “Жижгээс эхлээд, дараа нь өргөжүүлэх” зарчим баримтлахыг санал болгосныг танилцуулав.
Хорооны гишүүд түншлэлийн төслийн цахим системийн эхний хувилбарыг төслийн хүрээнд хөгжүүлэхийг дэмжиж, цахим системийн эхний хувилбарыг хөгжүүлэхтэй холбоотой төслийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарь, төслийн нарийвчилсан төлөвлөгөөнд дээрх ажлыг нэмэлтээр тусгахыг дэмжиж батлав.
Хуралд Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Мияги Кэнсүкэ болон ЭЗХЯ-ны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т. Баясгалан, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтай болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцсон ба Жайкагийн Засаглал, энх тайвныг цогцлоох газраас Mори Такаши, Ишизүка Юүко нар цахимаар тус тус оролцлоо.










