Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монголбанкны удирдлагуудтай өнөөдөр /2026.07.31/ уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо.

Уулзалтад, Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ, Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Төгөлдөр тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо. Мөн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар, Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд, Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын захирал Б.Амгалан нар оролцов.
Уулзалтын үеэр Монголбанкнаас эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, банкны салбарын зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн явц, экспортын орлого, инфляц зэрэг асуудлуудаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.
Инфляц зургаан сарын байдлаар харьцангуй тогтвортой 6.4 хувь буюу зорилтот түвшиндээ багтаж байсан бөгөөд оны сүүлийн хагаст шатахууны үнийн болон импортын барааны дам нөлөөгөөр алгуур нэмэгдэх төсөөлөлттэй байгааг дурдав. Түүнчлэн энэ оны эхний таван сарын байдлаар экспортын орлогыг зэсийн баяжмал болон нүүрс бүрдүүлсэн. Тэр дундаа алт, зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн бөгөөд зэсийн баяжмалын экспорт 1.1 сая тоннд хүрч, 30 гаруй хувиар нэмэгдсэн гэдгийг онцоллоо. Өрхөд олгосон чанаргүй зээлийн хувь нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа цалингийн зээлийн чанаргүйдэл 2025 оны нэгдүгээр улирлаас нэмэгдэж эхэлжээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэ үеэр инфляцад голчлон нөлөөлөлж буй махны нөөц бэлтгэлд бодлогын түвшинд анхаарах шаардлагатай гэдгийг онцоллоо.










