Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү БНХАУ-ын “Чайна Газ Холдингс Лимитед” компанийн Хилийн чанад дахь бизнесийн газрын бөгөөд Стратегийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төвийн ерөнхий менежер Чан Лиан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Чайна Газ Холдингс Лимитед” компанийн ерөнхий менежер Чан Лиан тус компанийн үйл ажиллагаа, Монгол Улсын эрчим хүч, уул уурхайн салбарт хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар танилцуулав.
Тухайлбал, аймаг, орон нутаг болон уул уурхайн бүсүүдэд дунд, бага хүчин чадлын цахилгаан станц байгуулах, хүрэн нүүрснээс метан хий гарган авах, кокс-химийн үйлдвэр байгуулах, шингэрүүлсэн байгалийн хий (LNG) болон дизель түлш үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хоёр улсын хөрөнгө оруулалт, экспортыг цаашид нэмэгдүүлэх ач холбогдлыг тэмдэглэхийн зэрэгцээ Засгийн газар бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Эдийн засгийн эрх чөлөөний багц хуулийг Улсын Их Хурлаар батлуулсныг онцлон дурдав.
Мөн геологи, хайгуулын ажил эрчимжиж, шинэ орд, төслүүд эдийн засгийн эргэлтэд орох төлөвтэй байгаатай уялдан олборлолт, баяжуулалт, боловсруулах үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж, уул уурхайн бүсүүдэд эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, найдвартай хангамжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах бодлого баримталж буйг онцлон, татварын болон татварын бус дэмжлэгийн боломжийн талаар мэдээлэл өгч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.









